1.Улс төр, засаглал юунаас эхлэлтэй вэ?
Ардчилал гэж юу вэ? Автократ засаглал гэж юу вэ? Олигархи гэж юу вэ? Улс орнууд ямар, ямар засаглалын хэлбэртэй байдаг вэ?
Дэлхийн улс орнууд ямар нэгэн засаглалын хэлбэртэй байдаг. Гэхдээ засаглалын хэлбэрүүд нь олон төрөл байдаг бөгөөд ямар засаглалын хэлбэр нь хамгийн сайн хэлбэр вэ гэдэг дээр хүн болгоны санал нийлдэг зүйл биш. Хүмүүс хамтдаа амьдарч, нийгэм бүтээж амьдрах дүрэм журам, хуулийг хэн тогтоох вэ? Хэн эдгээр хууль дүрмийг хэрэгжүүлэх вэ? Эдгээр хууль дүрэм биелж байгаа эсэхийг хэн шийдэх вэ? Хууль дүрмүүдийг нь хэн нэгэн зөрчвөөс хариуцлага шийтгэл нь юу байх вэ? Хууль дүрмийг тогтоох, хэрэгжүүлэх хүмүүсийг хэрхэн сонгох вэ? Улс төрийн хүч чадал хэнд төвлөрч, эрх мэдэл хэрхэн хуваарьлагддаг вэ? Тэдгээр хүмүүс нь хэрхэн, хэр удаан засаглах вэ? Нийгмийн хууль дүрэм ер нь байх ёстой юм уу? Хүмүүс бид хэрхэн өөрсдийн нийгмээ бүтээж, засагладаг(govern) вэ?
Эдгээр асуултын хариултууд хар цагаан ганц л хариулт биш бөгөөд хүн бүрийн итгэл үнэмшил өөр ч, одоогийн нийгэмд түгээмэл байдаг улс орнуудын засаглалын хэлбэрүүд, улс төрийн хүч чадал хэрхэн төвлөрч, эрх мэдэл хэрхэн хуваарьлагдсан байдаг, эдгээрийг хэрхэн нэрлэдгийг бүгдээрээ судалцгаая.
Улс төрийн онолд улс төрийн хүч чадал хэрхэн төвлөрсөн хэлбэрээр нь анархи, автократ засаглал, олигархи, ардчилал хэмээн хуваадаг.
2.Анархи - хүч чадал хэнд ч төвлөрөхгүй байх
Маш цөөн хүмүүс ямар ч төрлийн төр, засаглал байх хэрэггүй гэж үздэг ба төр, улс, засаглал, нийгмийн шатлал байхын эсрэг үзлийг анархизм гэдэг. Анархизм үзэлд хүн эрх чөлөөгөө эдлэхэд төр саад болдог учир аливаа албадлага, хууль дүрэмгүйгээр нийгэм оршин тогтнох ёстой гэж үздэг [1].
Заримдаа улс орнуудын төрийн тогтворгүй байдлын үед ард иргэд нь төрдөө итгэхгүй, захирагдахгүй, цагдаа, цэргийн хүч тодорхойгүй болж, хэн нь эрх мэдэлд, ямар засаглалд байгаа нь тодорхойгүй үед хүч чадал хэнд ч төвлөрөөгүй байдлыг анархи гэдэг. Ийм анархи харин ихэнхдээ эмх замбараагүй байдал байдаг.
Энэхүү эмх замбараагүй үеийн анархи байдал болон анархизмын онолын үзлийг бас тусдаа ойлговол зүгээр. Анархизмын үзэл санаа төр нь цагдаа цэргийн хүчээр ард хүмүүсийг албадан хүчилж, хууль дүрмийг хэрэгжүүлдэг бөгөөд үүнд хувь хүн өөрийн сонголтогүйгээр захирагддаг, хувь хүн өөрийн эрх чөлөөний зөвшөөрлөө өгөх боломжгүй гэсэн үзэл дээр суурилдаг. Төр нь хүч чадалтай эрх мэдэлд байгаа хүмүүсээр л удирдагдагдаж, засаглагдах учир цөөнх, хувь хүн бүр өөрийн бүрэн зөвшөөрлийг өгөх боломжгүй, хувь хүний зөвшөөрөл, эрх чөлөөний эсрэг шийдвэрийг төр хийх боломжтой. Харин хүн бүр өөрийн зөвшөөрлийг өгч, өөрийн сайн дураараа шийдвэр гарган, хүн бүрийн зөвшөөрөл санаа нийлсэн үед тухайн бүлэг хүмүүс ямар нэгэн шийдвэрт хүрэх боломжтой болж хэний ч зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн шийдвэр гарахгүй [2]. Филисофи, үзэл санаа, онолын хувьд анархизмд улс төрийн хүч чадал, албадлага, хүчирхийлэл, тэдгээрээс ангид анархи нийгэм байж болох уу гэдэг дээр бодсон бодлууд олон байгаа.
3.Автократ засаглал - хүч чадал нь нэг хүнд төвлөрөх
Автократ засаглал нь улс төрийн хууль тогтоох шийдвэр гаргах эрх мэдэл хүч чадал нь нэг хүнд төвлөрсөн засаглалыг хэлдэг. Бүрэн эрхт хаант засаглал болон нэг удирдагч диктатортой орнууд одоогийн автократ засаглалтай орнуудын гол төрлүүд болдог. Бүрэн эрхт хаант засаглалтай Саудын Араб, диктатортой Хойд Солонгос нь автократ засаглалтай улсуудын жишээ юм [3].
Төр засаглал, удирдлага нэг гарт төвлөлрсөн байх нь хурдан шийдвэр гаргах давуу талтай ч, хувь хүний эрх чөлөө, үзэл бодол хязгаарлагдмал байдаг. Хувь хүн, иргэдийн шийдвэр гаргалтанд нөлөөлөх эрх чөлөө автократ засаглалд байдаггүй. Автократ засаглалын удирдагчид хяналт тавих, хууль, механизм байдаггүй учраас удирдагч нь өөрийн хүссэн юуг ч хэрэгжүүлэх хүчтэй байдаг.
Энэ засаглалд диктатор нь цэрэг цагдаагийн хүчийг ашиглан гаргасан хууль, шийдвэрээ иргэддээ мөрдүүлж, төрийн хүчийг шууд иргэдийн эсрэг ашиглах боломжтой ба мэдээ мэдээллийн сувгуудад нөлөөлж, суртал ухуулга, гуйвуулсан мэдээг бас иргэддээ тараан, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бас хязгаарлах хүчтэй байдаг. Шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгч, хууль тогтоогчид хяналт тавих систем, иргэдэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх суваг, эрх чөлөө байдаггүй учир диктаторт бүх эрх мэдэл хүч чадал төвлөрч, өөрийн хүссэн ямар ч шийдвэрийг гаргах боломжтой учир, энэхүү засаглалын доор олон хүмүүс сонголтгүй, эрх чөлөөгүй амьдрахаас өөр аргагүй болдог.
4.Олигархи - цөөхөн, эрх мэдэлтэй бүлэг хүмүүст хүч чадал нь төвлөрөх
Улс төр, засаглалын хүч чадал эрх мэдэл цөөн тооны хүмүүст төвлөрөхийг олигархи гэдэг. Зөвхөн нэг улс төрийн бүлэглэл, нам, шашны бүлэг эсвэл мөнгөтэй нөлөөтэй хүмүүс улс төр, засаглалд эрх мэдэл хүч чадлаа хадгалж шийдвэр гарган, энэ хүч чадал эрх мэдлээ цөөн тооны хүмүүсийн бүлэгтээ хадгалдаг. Энэхүү цөөн тооны хүмүүс эрх мэдэл, хүч чадлаа цэргийн хүч, хөрөнгө мөнгө, нийгмийн давхарга, авлигал зэргийг ашиглан хадгалдаг [4].
Жишээлбэл БНХАУ нь зөвхөн Хятадын Коммунист Нам дотроосоо улсын даргаа сонгодог, улсын их хурлын ихэнх гишүүд нь нийгмийн цөөн тооны 1949 оны хувьсгалын үед Хятадын Коммунист Намын гишүүд байсан эсвэл 1980-аад оны үед хөрөнгө мөнгөтэй болсон хүмүүсийн бүлгээс бүрддэг [4][5][6].
Теокраси буюу шашны үзэл төр, засаглалын хуулийг тогтоодог, төр ба шашин хамтдаа байдаг засгалалтай Иран бас олигархи засаглалын төрөлд багтдаг. Ираны дээд удирдагч болон шашны удирдагчид нь төрийн эрх мэдлийг атгадаг [7].
5.Ардчилал - хүч чадал нь хүн бүрд хуваагдах
Ардчилал нь хүн бүрийн оролцоон дээр тогтдог улс төр, засаглалын хүч чадлын тархсан хэлбэр юм. МЭӨ 6-р зууны Эртний Грекийн Афин хотод анх ардчилсан засаглал үүссэн бөгөөд эртний грек хэлний demokratias гэдэг үг нь ард түмэн (демос, δημος) болон эрх мэдэл/хүч чадал (кратос, κρατος) гэсэн үгсээс үүдэлтэй.
Ардчилал нь дотроо шууд болон төлөөллийн гэсэн төрөлтэй. Шууд ардчилал гэдэг нь засаглалын шийдвэр бүрт иргэн бүр саналаа өгч, шийдвэр гаргадаг тогтолцоог хэлдэг. Афины ардчилал шууд ардчилал байсан бөгөөд жил бүр 500 иргэд сонгогдон төрийн хууль санаачлан бичих үүргийг хашиж, бүх иргэд нь шийдвэр гаргахад саналаа өгдөг байжээ [8][9]. Шууд ардчилалд цөөнхийн санал тусгагдахгүй байх, бүх шийдвэрт бүх хүмүүс санал өгөхөд удаан байх гэсэн сул талууд бас байдаг.
Одоогийн ардчилсан засаглалт улс орнууд ихэвчлэн ард иргэд нь өөрсдийгөө төлөөлөх хүмүүсийг сонгож сонгогдсон хүмүүс нь засаглалын шийдвэр гаргадаг төлөөллийн ардчилалт (representative democracy) засаглалтай байдаг. Төлөөллийн ардчилал нь дотроо хууль гаргах, хэрэгжүүлэх, шүүх үүргүүд нь хэрхэн хуваарьлагдсанаас шалтгаалаад ерөнхийлөгчийн засаглал, парламентийн засаглал, үндсэн хуульт хаант засаглал, холимог засаглалын хэлбэртэй байж болно. Эдгээрт гол нь хэн хуулийг гаргаж, хэн тэрийг нь хэрэгжүүлж, хэн шүүж, хэрхэн эдгээр хүчнүүд бие биедээ хяналт тавьж, ард түмэн хэрхэн эрх мэдэлд буй төлөөлөгчиддөө хяналт тавих боломжтой нь чухал. Монгол улсад хууль тогтоох эрх мэдлийг Улсын Их Хурал, хэрэгжүүлэх эрх мэдлийг Засгийн Газар, шүүх эрх мэдлийг Улсын Дээд Шүүх, цэргийн хүчний эрх мэдлийг ерөнхийлөгч хуваарилан авдаг. Гэхдээ бас УИХ гишүүн давхар Засгийн Газрын гишүүн байх боломжтой давхар дээл нь хүч чадал тархан бие биенээсээ ангид байхтай зөрчилдсөн байдал Монголд байдаг.
6.Ардчилалын индекс
Ардчилалын хамгийн том давуу тал нь хүн бүрт засаглал, шийдвэр гаргалтанд оролцох боломж байдаг учраас бусад түүхэн дэх системүүдээсээ хамгийн эрх тэгш нь гэж хэлэгддэг. Гэхдээ ардчилал хэрхэн хэрэгжиж байгаасаа шалтгаалаад жинхэнэ амьдрал дээр хүн бүрт эрх тэгш боломж, эрх чөлөөгөө эдлэх боломж байна уу гэдэг нь улс орнуудад харилцан адилгүй байдаг. Улс орнуудыг хэр ардчилсан байна вэ гэдгийг ардчилалын индекс гэсэн тоон хэмжигдэхүүнээр хэмждэг. Эдгээр хэмжигдэхүүнүүдийг өөр өөр байгууллагууд өөр өөрөөр тооцдог ба жишээ нь, V-Dem индекст санал өгөх эрхтэй насанд хүрсэн иргэдийн эзлэх хувь, сонгогдсон албан тушаалтнууд, чөлөөт бөгөөд шударга сонгууль, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хууль тогтоох байгууллагын гүйцэтгэх засаглалд тавих хязгаарлалт, шүүхийн гүйцэтгэх засаглалд тавих хяналт, мөн хувь хүний эрх чөлөө ба хуулийн өмнө тэгш байдлын үзүүлэлтүүдийг оноожуулж ардчилалын индексийг тооцоолдог [10]. Энэ индексээр Монгол улс 2024 онд 81-р байранд жагсаж, 2020 онтой харьцуулахад 20 байраар ухарсан байна [11].
7.Эцэст нь
Улс болгоны засаглалын хэлбэр, хүч чадлын төвлөрөл харилцан адилгүй. Ардчилсан улс дотроо ч ардчилал хэрхэн хэрэгжиж байгаагаасаа хамаараад шийдвэр гаргах хүч чадал хэрхэн төвлөрсөн, эрх мэдэл олгох сонгууль нь хэрхэн явагддаг зэрэг нь ялгаатай. Улс төрийн хүч чадал, хүч чадал хэнд байгаа, хэрхэн төвлөрч байгаа тухай бодох нь улс төрийн ямар шийдвэрүүд яагаад гардаг тухай ойлгоход чухал юм.
Бичвэрийн дараах асуултууд
1Хувь хүний эрх чөлөө засаглалын хүч чадал хэрхэн хуваарьлагдсантай ямар хамааралтай вэ?
2Автократ засаглалд яагаад хувь хүний эрх чөлөө хязгаарлагдмал байдаг вэ?
3Хууль боловсруулах, хуулийг хэрэгжүүлэх, шүүх, цэргийг удирдах хүч чадлууд хэрхэн хуваарилагдвал тэнцвэртэй байх вэ?
4Эдгээр хүч чадлуудын хуваарилалтын тэнцвэртэй байдал, хяналт тавих боломжийг ямар механизмаар бүрдүүлэх вэ?
5Ардчилал хамгийн сайн систем мөн үү?
6Ардчилал болгон хэрхэн хэрэгждэг нь адилгүй. Ардчилалыг сайжруулахад юу чухал вэ?
7Ардчилал болон олигархийн зааг юу вэ?
[1]
Levy, Carl, and Matthew S. Adams, eds. 2026. The Palgrave Handbook of Anarchism. N.p.: Springer Nature Switzerland.
https://link.springer.com/chapter/10.1007/978-3-319-75620-2_1[2]
Rooum, Donald. 2016. What Is Anarchism? An Introduction. Edited by Vernon Richards. N.p.: PM Press.
[3]
National Geographic Society. 2025. “Autocracy.” National Geographic Education.
https://education.nationalgeographic.org/resource/autocracy/[4]
National Geographic Society. 2025. “Oligarchy.” National Geographic Education.
https://education.nationalgeographic.org/resource/oligarchy/[5]
Walder, Andrew G. 2014. “China's Evolving Oligarchy.” Edited by David B. Grusky and Katherine R. Weisshaar. In Social Stratification: Class, Race and Gender in Sociological Perspective. N.p.: Taylor & Francis Group.
[6]
Wee, Sui. 2018. “China’s Parliament Is a Growing Billionaires’ Club.” The New York Times, March 1, 2018.
https://www.nytimes.com/2018/03/01/business/china-parliament-billionaires.html[7]
Boroumand, Ladan. 2018. “Iran's Exclusionary Republic.” Journal of Democracy 29, no. 2 (April): 173-177.
https://www.journals.uchicago.edu/doi/10.1086/697506[8]
National Geographic Society. 2025. “Democracy (Ancient Greece).” National Geographic Education.
https://education.nationalgeographic.org/resource/democracy-ancient-greece/[9]
Thorley, John. 1996. Athenian Democracy. N.p.: Taylor & Francis.
[10]
“Varieties of Democracy (V-Dem).” n.d. V-Dem. Accessed April 26, 2026.
https://v-dem.net/[11]
uih.mn. 2025. “АРДЧИЛЛЫН ИНДЕКС: Тэд юу гэж дүгнэв, манайхан юу гэж ярив.” United Info Hub, March 28, 2025.
https://www.uih.mn/n/654
Нэмэлт сурвалж
[1]
“Өглөө” төслийн сошиал медиа хуудаснаас улс төрийн онолын энгийн ойлголтуудыг тайлбарласан бичлэгүүдийг сонирхоорой.
https://www.facebook.com/uglooo/posts/%D0%B0%D1%80%D0%B4%D1%87%D0%B8%D0%BB%D0%B0%D0%BB-%D0%B3%D1%8D%D0%B6-%D1%8E%D1%83-%D0%B2%D1%8D-%D0%B0%D1%80%D0%B4%D1%87%D0%B8%D0%BB%D0%BB%D1%8B%D0%BD-%D3%A9%D3%A9%D1%80-%D1%82%D3%A9%D1%80%D0%BB%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%B3-%D1%85%D1%8D%D1%80%D1%85%D1%8D%D0%BD-%D1%8F%D0%BB%D0%B3%D0%B0%D1%85-%D0%B2%D1%8D-%D1%8D%D0%BD%D1%8D-%D1%83%D0%B4%D0%B0%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%86%D1%83%D0%B2%D1%80%D0%B0%D0%BB%D0%B0/185705299831980/