Жазз хөгжмийг Луис Армстронгийн “What a Wonderful World” дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Хорвоо дэлхийн ямар гайхамшигтай үзэсгэлэнтэйн тухай тун энгийн мэт боловч гүн гүнзгий мэдрэмж өгөх шиг удаанаар, доод өнгөөр Луис намуухан дуулсан нь зүгээр ч нэг хорвоо ертөнцийн гоо сайхны талаар биш юм. Вьетнамын дайн, иргэний дайн зэрэг нийгмийн тогтворгүй үед “энэ хорвоод гэгээлэг зүйлс ч бас бий” гэх итгэл найдварын оч болж, жазз хөгжмийг анх дэлхийн даяар танигдахад онцгой үүрэг гүйцэтгэсэн дуу билээ.
Энэ утгаараа жазз хөгжим нь атлантын далайг хөндлөн гулд туулан очсон хар арьстай хүмүүсийн гуниг цөхрөл болоод итгэл найдвар, хэлэхийг хүссэн үгс болоод түүнийг хүлээн авч чадахгүй нийгэм, хэзээ нэгэн цагт ирнэ гэж итгэсэн эрх чөлөөний илэрхийлэл байсан гэж хэлэхэд буруудахгүй.

Зураг 1. Луис Армстронг 19-р зууны сүүл, 20-р зууны эхээр хэв маягаа Америкийн халуун өмнөд Луизиана мужид олсон Жазз хөгжим бол санаандгүйгээр олсон нээлт биш бөгөөд үүний ард хүн болгоны тэр болгон мэддэггүй сонирхолтой нууц хадгалагдаж байдаг [1]. Луизианагийн тариалангийн талбай дээр боолчлогдож байсан хар арьст Америкчуудын сүмийн дуулал болоод африкаас гаралтай хөгжмийн онцлогийг шингээн шинээр бий болсон хөгжмийн төрөл бол одоогийн жазз хөгжмийн төрөл юм [2]. 20-р зууны эхэн үед нийт хар арьст америкчуудын 90% нь өмнөд мужуудад амьдарч, тариалангийн талбай дээр боолын хөдөлмөр эрхэлдэг байсан бол Их Нүүдлийн үед бараг хагас нь баруун болон хойд мужууд руу нүүдэллэн суурьшсан [3].

Зураг 2. Их Нүүдэл хаанаас хаашаа нүүдэлснийг харуулсан зураг The Great Migration буюу Их Нүүдэл бол өмнөд мужаас хойд мужууд руу тариалангийн талбайгаас аж үйлдвэрийн салбар луу хийсэн мянга мянган хар арьст америкчуудын шилжилт юм. Тус нүүдлийн шалтгаан бол боолын хүчирхийлэл, учир утгагүй эрүүдэн шүүлт, шударга бус байдал, Жим Кроу-н хуульт эрх тэгш биш нийгмээс холдож, тэгш боломжийг эрэлхийлж, эрх чөлөө, сайхан амьдралыг мөрөөдсөн нүүдэл байсан юм [4].
Жим Кроу-н хууль бол америкийн өмнөд хэсэгт баталж, мөрдөж байсан арьс өнгөөр ялгаварлаж, хүний төрмөл эрхийг зөрчсөн хууль юм [3]. 1896 оны “Plessy v. Ferguson” хэргийн шүүх хурлын “Seperate But Equal” буюу “Эрх тэгш боловч ангид” гэх дуулиантай дүгнэлтээс үүдэлтэйгээр америкийн хар арьст иргэдийг цагаан арьст иргэдээс зиндаа доогуур гэж үзэн боловсрол, улс төр буюу сонгууль, гэр бүл төлөвлөлт тэр байтугай нийтийн тээвэр, хоолны газар хүртэл тусдаа сууж аж амьдрах шударга бус нийгэм тогтох нөхцөл бий болсон [5].
Үүний үр дүнд өмнөдөөс хойшоо, баруун тийшээ “эрх чөлөөг” мөрөөдөн олон олон хар арьст америкчууд Чикаго, Нью-Йорк, Лос Анжелес зэрэг одоогийн том том хотууд руу нүүн шилжиж, түүнээс Чикаго, Нью-Йорк хотод жазз үүссэн утгаараа хөгжин цэцэглэсэн. Энэхүү хөгжмийн урсгалыг хөгжихөд хамгийн том үүрэгтэй уран бүтээлчдийн нэг бол Ма Рейни билээ.
Ма Рейнигийн жазз хөгжимд оруулсан үүрэг маш том, олон олон жазз хөгжимчдийн онгод болсон гэж үздэг. Хүчтэй бөгөөд тансаг сөөнгө хоолойтой Ма 1886 онд уран бүтээлч, дуучин Томас болон Эллийн охин болон мэндэлжээ. Америкийн өмнөд болон баруун мужуудыг өөрийн гоёмсог хоолойгоороо байлдан дагуулж байсан Ма Рейнигийн дуунуудаас 'Prove It on Me Blues' нь Ма хэрхэн өөрийгөө дуу хөгжмөөрөө дамжуулан зоригтойгоор илэрхийлж, цаг үеэсээ түрүүлэн алхаж байсны гэрч болдог. Тус дуу
“Өнгөрсөн шөнө найзуудтайгаа гарлаа
Бүгд л бүсгүйчүүд шүү дээ, эр хүнд би угаасаа дургүй
Тиймээ, би зангиа, цамц өмсөөд
Захын эр шиг бүсгүйчүүдтэй яриа өддөг
Намайг ингэдгийг бүгд мэднэ, хэн нэгний олж мэдсэн зүйл биш” хэмээн ёжлон, удаан темпээр дуулдаг. Үүнээс үзвэл өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг илэрхий тусгасанаар үл барам ял шийтгэл, торгуул ногдуулдаг байсан цаг үед ч Ма тун зоригтой дуулж байгааг харж болно.
Өөрийн бэлгийн чиг хандлагаас гадна нийгэмд тулгарч буй асуудлуудыг шүүмжлэн чичсэн дуунуудгүйгээр жазз урсгалыг хэрхэн төсөөлөх билээ. Тухайлбал, америкийн хар арьснуудыг шударга шүүхийн өмнө хэрэг хийсэн үгүйг шүүлгүйгээр модноос дүүжлэн өлгөж, амийг нь тасалдаг байсан Жим Кроу-н үед болсон хоёр хар арьст залуугийн хэргээс үүдэлтэй Билли Холидайн “Strange Fruit” нэртэй дуу бий. Өмнөдийн модноос дүүжлэн “хэргийг шүүн ариутгасан” тус үйл явдлаас сэдэвлэн энэ дуу ийнхүү эхэлдэг,
Өмнөдийн мод сонирхолтой жимстэй
Үндэс угтаа ч, навчин дээрээ ч цусны толботой
Өмнөдийн зөөлөн салхинд найгах
Улиас модноос дүүжлэгдсэн сонин жимс…
1930 онд болсон уг хэрэг цагаан арьст үйлдвэрийн ажилчныг алж, түүнтэй хамт явсан бүсгүйг хүчиндсэн хэргээр хоёр хар арьст залууг сэжиглэн баривчилдаг ч үнэндээ хэзээ ч шүүх хурал болоогүйгээр барахгүй хэрэг хийсэн эсэхийг ч мөрдөж үнэн мөнийг тогтоогүй юм [6].
Хэн юу гэж хэлэхээс үл хамааран өөрөөрөө байж, түүнийгээ илэрхийлдэг байсныг Магийн дуунаас харин улс төр, нийгмийн ороо бусгаа цагт иргэний хөдөлгөөний чухал хэсэг болон өөрийн дуу хоолойгоо америк даяар цуурайтуулсныг Биллигээс бэлхнээ харж болно. Тиймээс жазз хөгжмийн төрөл бол итгэл найдварын мөрөөдөн дуулсан хүмүүсийн диваажин төдийгүй хэрхэн арьс өнгөний ялгаварлал, эрх тэгш биш нийгэм одоогийн шатанд хүрч дэвшснийг гэрчлэх “НУУЦ” газрын зураг юм.
Эх сурвалж
[1]
https://www.bbc.com/travel/article/20120224-travelwise-the-birthplace-of-jazz[2]
https://www.dawnsnewday.org/wp-content/uploads/2018/11/JazzOrigins_formatted.pdf[3]
https://www.britannica.com/event/Great-Migration[4]
https://www.archives.gov/research/african-americans/migrations/great-migration[5]
https://www.archives.gov/milestone-documents/plessy-v-ferguson[6]
https://www.npr.org/2010/08/06/129025516/strange-fruit-anniversary-of-a-lynching